ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болж Засгийн газраас долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдэл боловсруулаад байгаа билээ. Эдгээр долоон төрлийн татвар яг хувь хүнд хэрхэн нөлөөлөхийг бид цувралаар мэдээлж байна. 

Таны хадгаламжийн хүүгийн орлогын татварыг хэрхэн тооцох талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) буюу ажил хийж цалин авч, орлого олж байгаа бүх хүнд хамаатай нэгэн өөрчлөлтийг танилцуулъя. 

 

Гэхдээ эдгээр нь Засгийн газраас боловсруулж буй төсөл гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Эдгээр шийдлийг холбогдох хуульд нь өөрчлөлт оруулан баталж байж хүчин төгөлдөр болохыг анхаарна уу. 

Ямартай ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-ийн төлөөлөгчидтэй хамтарсан мэдээллийн үеэрээ “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгохыг шаардсан байгаа. Бид зөрүүлээд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн” гэж хэлсэн юм. 

 ХХОАТ: НИЙТ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 85 ХУВЬД ТАТВАРЫН ДАРАМТ БАГАСНА

Ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарыг Сангийн сайд танилцуулсан. 

Бүр тодруулбал, 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Харин:

  • 1,500,000 - 2,500,000 -   төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20%
  • 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна. 

Жич: энэхүү цалингийн шатлал нь НДШ, ЭМДШ-ийг хассан дүн буюу татвар ногдуулах орлогын хэмжээ болно.

Гэхдээ хэрвээ та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө. 

Харин та 2,800,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 300,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм. 

Харин 3,600,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол шууд 25 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 - 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 100,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.

Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газар тохиролцоонд хүрснээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлсэн. Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг. 

Тэгвэл энэ 84,000 төгрөгийг:

  • 2018 онд 120,000,
  • 2019 онд 160,000,
  • 2020 онд 200,000,
  • 2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр бага орлоготой иргэдийн татвар төлөх ачаалал тодорхой хугацааны дарааллаар буураад явах юм. 

Дээрх хүснэгтэд үзүүлсэнээр:

Нэгдүгээр багана - Таны үндсэн цалингаас НДШ –ийг хассан дүн буюу татвар ногдуулах орлого 

Хоёрдугаар багана – Таны цалингийн хэмжээ

Гуравдугаар багана - 2018 оноос хэрэгжих татварын хэмжээ

Дөрөвдүгээр багана – 2018 оноос хэрэгжих татварын хувиар тооцсон татварын хэмжээ

Тавдугаар багана – Татвараас чөлөөлөгдөх хэмжээ буюу 2017 онд 84,000 төгрөг байгааг 2018 онд 120,000 төгрөг болгосноор сар бүр та 10,000 төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Одоо та сар бүр 7,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа билээ.

Зургаадугаар багана – ХХОАТ-аас  хөнгөлөлтийг хассаны дараах таны бодит төлөх татвар

Долоодугаар багана – ХХОАТ-ын бодит ачаалал.

Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна.  10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм. 

Тиймээс ч татвар төлөгч иргэдийн 85 орчим хувь нь ямар нэгэн байдлаар ХХОАТ-ын дарамт багасах боломж бүрдэх юм байна. 

НДШ. НИЙТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 85 ОРЧИМ ХУВИЙНХ НЬ ЦАЛИН ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУУРНА

Хувь хүний орлогын татварын ачаалал буурснаар нийгмийн 85 хувийнх нь гарт очих цалин нэмэгдэнэ гэвэл үгүй юм. 

Хэдийгээр хувь хүний орлогын татварыг шатлалтай болгож бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж буй нь сайн хэрэг боловч нийтээр нь НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэх шийдэл ийнхүү дийлэнх иргэдийн цалинг бууруулахад хүргэж байна. 

Б.Чойжилсүрэн сайд мэдээллийн үеэрээ “Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11 хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн” гэсэн юм.